Титаник''-тай холбоотой сонин хачин

Posted on 7:57 PM by

Энэ оны дөрөвдүгээр сард Титаник хөлөг онгоц сүйрсний 100 жил тохиосон. Энэ хөлөг онгоц усан тээврийн салбарт хамгийн алдартай гэлээ ч бид Титаниктай холбоотой баримтуудыг тэр бүр мэддэггүй. Ингээд та бүхэнд бидний зарим нь дуулаагүй ч байж болох баримтуудыг сонирхуулъя.

ТЭРГЭЛ САРНААС БОЛЖ “ТИТАНИК” МӨСӨН УУЛТАЙ МӨРГӨЛДСӨН 
Аварга том хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөний гол “буруутан” нь тэргэл сар байж болох юм гэсэн таамаглалыг саяхан эрдэмтэд дэвшүүлсэн. Техасын их сургуулийн одон оронч Дональд Олсоны өгүүлснээр 1912 оны нэгдүгээр сарын дөрөвний өдрийн тэргэл сар ер бусын урсгал үүсгэн, “Титаник”-ийн чиглэж явсан зүг рүү мөсөн уулыг түлхсэн гэнэ. Энэ өдөр гарсан сар зүгээр ч нэг тэргэл сар байгаагүй. Сар энэ өдөр дэлхийтэй маш ойрхон зайтай ирсэн бөгөөд дараагийн удаа дэлхийд ойртох нь 2257 онд тохиох юм байна.

“ТИТАНИК” КИНОНЫ ОРЛОГООР ТАВАН ХӨЛӨГ ОНГОЦ БҮТЭЭЖ БОЛНО 
Шинжээчдийн тооцоолсноор “Титаник”-ийн дайны хөлөг онгоц бүтээхийн тулд ойролцоогоор 400 сая ам.доллар шаардагдах гэнэ. Харин “Титаник”-ийн эмгэнэлт сүйрлийн талаар хийсэн Жеймс Камероны кино дэлгэцэнд гарснаасаа хойш дэлхий даяар 1.84 тэрбум ам.доллар цуглуулсан нь ийм том хөлөг онгоц дөрвийг бүтээхэд хангалттай хүрэх юм байна. Харин өнгөрсөн хавар 3D форматаар дахин бүтээсэн “Титаник” киноны орлогоор таван ч хөлөг онгоц бүтээх боломжтой гэсэн шүү.

ХАРААЗҮЙН ХУУРАЛТААС БОЛЖ “ТИТАНИК”-Т ТУСАЛЖ ЧАДААГҮЙ 
“Титаник” сүйрсэн шөнийн цаг агаарын байдал мөсөн уулыг цаг тухайд нь харахад хөл­гийн багийнханд саад болсны зэрэгцээ бусад хөлөг онгоцнуудад ч “Титаник”-ийг үл анзаарагдам болгосон хэмээн Британийн түүхч Тим Молтин үздэг аж. Молтины тайлбарласнаар тухайн бүсэд агаарын хугаралтын коэффициент хэт их байсан нь бусад хөлгийн багийнханд ч анзаарагджээ. Тиймээс л “Титаник”-ийн ажиглалтын хэсгээс мөсөн уул харагдаагүй бол “Калифорниэн” ачааны хөлөг онгоцны багийнхан живж буй “Титаник”-ийг анзаараагүй, хөлгийнхөнтэй холбоо тогтоож чадаагүй аж. 

СҮЙРЭЛ БОЛСОН ГАЗРЫН ЗУРГИЙГ ЭНЭ ОНД Л ДУУСГАЖЭЭ 
Энэ оны гуравдугаар сарын эхээр судлаачдын баг хөлөг онгоц сүйрсэн газрын зургийг бүтээж дуусчээ. Анх удаа гаргасан энэхүү зураг нь 1.8х3 километрийн хэмжээтэй бөгөөд 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр чухам юу болсныг сайтар ойлгох боломжийг судлаачдад өгөх юм байна. Экспедицийн гишүүд гидролокатороос авсан дүрс болон усан доор авсан хэдэн зуун мянган гэрэл зураг ашиглан “Титаник”-ийн хэлтэрхийнүүдийн байрлалыг заасан зургийг бүтээжээ. Дашрамд сонирхуулахад хөлгийн хэлтэрхийний эхний хэсгүүдийг анх судлаач Роберт Баллард 1985 онд олж байв. 

1898 ОНД БИЧИГДСЭН ТУУЖ “ТИТАНИК”-ИЙН СҮЙРЛИЙГ ЗӨГНӨСӨН 
Энэ тухай урьд өмнө нь бишгүй сонсож байсан байж болох ч дахин нэг сануулахад буруу­дахгүй л болов уу. Зохиолч Морган Робертсон алдарт хөлөг онгоц сүйрэхээс 14 жилийн өмнө урьд хожид байгаагүй асар том, хэзээ ч үл живэх “Титан” хэмээх хөлөг онгоцны талаар тууж бичжээ. Энэ туужид дөрөвдүгээр сард “Титан” мөсөн уултай мөргөлдөж, тэнгисийн ёроол руу живэх бөгөөд аврах завь хангалтгүйн улмаас зорчигчдын тал нь амиа алдаж байгаа тухай гардаг аж. Хачирхалтай биш гэж үү? 

“ТИТАНИК”-ААС ҮҮДСЭН СУРГАМЖ 
Усан тээврийн түүхэнд гар­сан хамгийн том осол болох Титаникийн сүйрлээс хойш бүхий л хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөх тохиолдлын талаар даатгуулах болжээ. Өнөөдөр хөлөг онгоц шинэчлэгдэн сайжирч, хяналтын систем боловсронгуй болсон ч мөсөн уултай тулахаас тэр бүр зайлсхийж чаддаггүй юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард гэхэд л “Спарт” хэмээх Оросын хөлөг онгоцны корпусыг мөсөн уул эвдэж байв. 

Хөлгийн их биед 40х10 сантиметрийн хэмжээтэй цооролт үүсч, хөлгийн багийнхан хоёр долоо хоногийн турш тусламж хүлээж байсан юм. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment