Аймшигт халуун цөмийн дайн эхэлж дэлхий ертөнц тэр аяараа түнэр харанхуйд автсан цөвүүн тэр цагт Москвагийн ардууд, хотынхоо хамгийн найдвартай газар болсон метрондоо хоргодож байлаа. Эцэг эх нь дайнд үрэгдэж өнчин хоцорсон Артём хүү бөмбөг тэсрэхээс хэдхэн хоногийн өмнө мэндэлсэн агаад эгээ л аалзны шүлс мэт хотыг тэр чигт нь хэрсэн энэ л метронд өсөж гэнээ. Удалгүй хүү өсч том болж, гэр нь болсон Тимирязевская-н өртөө нь хулгана хархнуудын үүр уурхай болсон тул хойд эцгийн хамтаар бусад нөхөд ард иргэдээ даган нүүж ВДНХ(Выставка достижений народного хозяйства)-ний өртөөнд суурьшжээ ....
Тоглоом төрсөн түүх :
"METRO : Last Light" - Товчхондоо энэ бол ах дүүгийн найрамдалт Украiн улсын хөгжүүлж буй нэгэн шинэ видео-тоглоом билээ. Гэхдээ ердийн нэгэн бүтээл бишээ. Харин "METRO 2033" хэмээх гайхамшигт бүтээлийн sequel буюу үргэлжилэл нь болон хийгдэж байгаагаараа онцлог юм. "METRO 2033" - магадгүй энэ тоглоом 2010 оны хамгийн доогуур үнэлэгдсэн хийгээд хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг нь болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх, тиймү. Үнэхээр ч IGN-ээс 5.5 оноо өгсөн нь нийт олон GaMeR-үүдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юмшүү. Гэвч, эндээс хүмүүс бас GaMeR-үүд, хэдий томоохон сайтын зүгээс өгсөн байлаа ч зарим тохиолдолд тэдний дүгнэсэн оноог ойшоох хэрэггүй гэсэн ойлголтыг өгсөн биз. Яахав, уг тоглоомын алдартай болж чадаагүйн шалтгааныг бүтээгч 4A студи, нийтэд түгээгч THQ-ийн маркетингийн харалган бодлогоос хамааралтай гэж дүгнэж болох ч энэ бүхэн видео тоглоомд дурлагсадад, бас таашаагсадад, сайн бараанд реклам хэрэггүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байдгийг дахин сануулсан биз. Үнэхээр ч энэ бүх саад бэрхшээлүүд уг тоглоомд огтхон ч саад болж чадаагүй нь гайхамшигтай.
Уг тоглоомын санаа чухам хаанаас гарсан бэ гэхлээр, Оросын шинэ үеийн залуу зохиолч Дмитрий Глуховскийн "METRO 2033" номноос төрөн гарсан юм. Мэдээж хэрэг уг тоглоом номноос нь илүү нэр алдрыг түүнд авч ирсэн бөгөөд ном нь ч тэр тоглоом нь ч тэр бестселлер болж байсан үе саяхан. Пост-апокалиптик буюу дэлхий ертөнцийн сүйрлийн дараах үеийн элдэв адал явдлын тухайд өгүүлэх энэхүү сэдэв нь сүүлийн үед уран зохиол болоод тайз дэлгэцийн бүтээлүүд дээр түгээмэл үзэгдэх болсон юмшүү. Энэ бүхэн нэгэнтээ, дэлхий ертөнцөд заналхийлэх болсон цөмийн цэнэгт хошуунууд болоод пуужингууд, мөн аварга том реактор бүхий атомын станцуудаас улбаатай гэдэг нь тодорхой. Ялангуяа XX зууны сүүл хэсэгт өрнөсөн Украiны эмгэнэлт явдал, Чернобылийн атомын станцын сүйрлээс хойш энэхүү сэдэв хүчээ авч эхэлсэн гэдэг.
Харин энэхүү "METRO : Last Light" - ын хувьд одоо бидний эчнээ танил болсон, Дмитрий Глуховскийн "METRO 2034" хэмээх үндсэн зохиолын хоёрдугаар боть номноос сэдэвлэн хийж байгаа юм. Номноосоо бага зэрэг өөр зохиолтой гэх бөгөөд анх уг тоглоомыг "METRO 2034" хэмээн нэрлэх гэж байсан юм шүү.
Хөгжүүлэлт :
Ингээд цааш үргэлжлүүлэхийг минь зөвшөөрвөл .... Үнэхээр ч энэхүү "METRO : Last Light" гэдэг нэр нь тун гайхалтай зохижээ. Түнэр харанхуйн дунд бөхөх сүүлчийн гэрлийг, бас сүүлчийн гэрэл гэсэн үгээр хамгийн сүүлчийн итгэл найдварыг төлөөлүүлсэн байна. Одоо хөгжүүлэгч студийг товч танилцуулъя. Тэхээр уг гайхамшигт тоглоомыг Украiны Киев хотноо байрлах "4A" хэмээх студи бүтээсэн юмшүү. Мөн уг студийн ихэнх ажилчид нь урьд S.T.A.L.K.E.R дээр ажиллаж байсан арвин туршлагатай хамт олон билээ. Үүгээр ч зогсохгүй тэд өөрсдийн гэсэн 4A Engine-ийг боловсруулсан чадварлаг залуус байгаа юм. Мэдээж хэрэг 4A Engine-ийг улам боловсронгуй болгосон бөгөөд түүнээ уг шинэ анги дээрээ ашиглаж байгаа юм байнаа. Зураглал нь ямар гайхалтайгаар сайжирсныг доор хавсаргасан трэйлерүүдээс сонирхоорой. Платформуудын хувьд алдарт гурвал болох Windows буюу бидний хэрэглэдэг PC, Xbox 360 болоод PlayStation 3 консолиуд дээр гарах бөгөөд бүр өнгөрсөн E3-аар танилцуулагдсан Wii U дээр хүртэл гарах юм байна хө. Жанрын хувьд мэдээж Survival Horror болоод First Person Shooter байх юм (хэрвээ та тоглоомын жанруудыг мэдэхгүй гэвэл энд дараад мэдэж авах боломжтой юм шүү). Харин тоглох горимын хувьд гэвэл нэг тоглогчийн буюу үе давдаг Single Player + мөн олон тоглогчийн буюу интернет, дотоод сүлжээнд холбогдон тоглох боломж бүхий MultiPlayer гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. За тэгээд шаардагдах үзүүлэлт болоод насны ангилал тэргүүтэй бусад үзүүлэлтүүд хараахан ил болоогүй байна.
Тоглоомын зохиол :
Тэхээр тоглоомын зохиол нь METRO 2033-ын төгсгөлөөс, гэхдээ муу төгсгөлөөс нь цааш үргэлжилэх юм. (Хальт харвал яг л *сайн* төгсгөлтэйгээ адилхан шүү, гэхдээ та үгийг нь сонсож Subtitle-ийг нь унших хэрэгтэй. Үзэхийг хүсвэл ;feature=related">энд дараарай. Сонирхолтой нь энэхүү бичлэг манай нэг найзын upload хийсэн видео болж таарлаа шүү хэхэ, сувгаар нь нэг зочилоод үзээрэй) Ингээд D6-аас олдсон хүчирхэг зэвсгийн нөлөөнөөс болж метро тэр аяар үймээн самуунд автах болно. Байдал улам бүр дордож, энэ харанхуй цаг үеэс гэтэлгэх цорын ганц хүний эрэлд Артём нөхдийн хамтаар хатах болно. Тэр нь нууцлагдмал нэгэн хоригдол байж таарах бөгөөд тоглоомын нилээдгүй хэсгийн үйл явдал Коммунистууд болоод Нео Нацистуудын фронтын шугамын эргэн тойронд өрнөх юм. Одоогоор мэдэгдэж байгаа зүйлс гэвэл ердөө л энэ хэд байнадаа хө.
0 Сэтгэгдэл:
Post a Comment