“JP Morgan” хөрөнгө оруулалтын банк наас таблетийн зах зээлд судалгаа явуулж, “Apple” компанид сайн, муу хоёр мэдээ дуулгав. Өдгөө 51.9 сая хүн таблет хэрэглэж байгаа нь өнгөрсөн оныхоос 11 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний 70.9 хувийг “Apple”-ийн iPad таблет эзэлж буй юм. “Гэвч “алим”-ны ноёрхол удаан үргэлжлэхгүй” хэмээн “JP Morgan”- ий шинжээч Марк Москович мэдэгдэв.
Таблетийн зах зээлд эзлэх iPad-ийн хувь ирэх онд 62.8 болж буурах төлөвтэй байна. Ирэх онд таблет хэрэглэгчдийн тоо 72.4 саяд хүрэх ч хэрэглэгчид “Galaxy”, “Touchpad”- ийг сонгох магадлал өндөр аж. iPad ирэх оны сүүлээр “Windows 8” үйлдлийн систем шинээр суурилуулахаа мэдэгдэж буй ч энэ нь худалдан авалтад төдийлэн нөлөөлөхгүй бололтой. “Apple” компани энэ оны эхний хагаст 4.6 сая таблет үйлдвэрлэсэн бөгөөд оны эцэс гэхэд 13.9 саяыг үйлдвэрлэхээ мэдэгдсэн.
Гэвч “Cамсунг”-ийн “Galaxy”-гийн сүрд дарагдаж, үлдэгдэлтэй хоцрох магадлал өндөр. Таблетуудын дундаж үнэ энэ онд 12.1 хувиар өссөн бол ирэх онд 7.2 хувиар буухиалах нь. “Самсунг” зах зээлээ алдахгүйн тулд үнээ тогтмол бууруулж байгаа бол iPad харьцангуй өндөр үнэтэй (595 ам.доллар) хэвээр байна. HP компани “Touchpad”-ийнхаа үнийг 99 ам.доллараар бууруулсан нь ч “алим”-ны ирээдүйд сөргөөр нөлөөлж мэднэ. Түүнчлэн Московичийн хэлж буйгаар “Google”-ийн дуулианаас үүдэж хүлээлт үүссэн нь ч таблетийн зах зээлд нөлөө үзүүлэх магадлал өндөр аж.
0 Сэтгэгдэл:
Post a Comment