Нэрийн хуудас хэрэглэх соёл.

Posted on 7:32 PM by

Өнөөгийн соёлт ертөнцөд хүн бүрийн халаасанд нэрийн хуудас явдаг болсон. Чухамдаа энэ бол тухайн хүний соёл, боловсролын түвшин, хэн бэ гэдгийг илтгэх нэр нүүр гэж болно. Харин зүгээр л таарсан хүн бүрт өгөөд байдаг хуудас юм уу гэвэл өөр. Нэрийн хуудсаа хэрхэн хийх, хэрхэн ашиглах нь нэг ёсондоо шинжлэх ухаан гэнэ.
Энэ бүр Манай эриний II-III  зууны үед Хятадад үүссэн гэдэг. Тэр үеийн хятадын түшмэлүүд нэр, албан тушаалаа бичсэн улаан цаас хэрэглэдэг байж. Хань улсын баруун зүгийн Хуаншиянь  мужид 21,5х6,5 см-ийн модон хавтан хэрэглэж байсан баримт ч бий. Орчин үеийн гэж болох албан ёсны нэрийн хуудсыг XIY Людовик хааны үед нийгмийн дээд давхаргынхан хэрэглэж эхэлж. Харин анхны хэвлэмэл нэрийн хуудсыг 1786 онд Германд гаргажээ. Гэрэл зурагтай нэрийн хуудсыг 1854 онд Адольф-Эжен Диздери хэвлэсэн байдаг. 

Нэрийн хуудасны хэмжээ

-    Хамгийн өргөн дэлгэрсэн нь зээлийн картны хэмжээ буюу ISO 7810 ID-1. Бидний өнөөдөр хэрэглэж байгаа 85,6 × 53,98 мм гэсэн үг.
-    Хуучин зөвлөлтийн улс орнуудад бол 90х50 мм хэрэглэдэг
-    А4 цаасыг 16 хуваасны нэг хэмжээ
-    DIN C8 буюу 81х57 см
-    АНУ-д бол 88,9 × 50,8 мм гэсэн хэмжээг илүүтэй хэрэглэдэг.
-    Японд болохоор өөрийнх нь yongo хэмээх  91 × 55 мм хэмжээг хэрэглэнэ
-    Фото буюу 100х65 мм гэсэн хэмжээ. 
Их британид эмэгтэйчүүдийн нэрийн хуудас эрчүүдийнхээс арай том байдаг. 
Залуу охидуудын нэрийн хуудас ерийнхөөс арай бага байх нь бий. 
Гэхдээ  л нэрийн хуудсыг тань авсан хүн хадгалахад нэгэн жигд хэмжээтэй байх нь амар. 

Нэрийн хуудас хэрэглэх соёл

Францын математикч, онолч Жан Серре “Ажил хэргийн харилцаа нэрийн хуудас  солилцохоос эхэлдэг” гэсэн байдаг. Үнэхээр саяхан болтол нэрийн хуудсыг өндөр албаныхан, дипломатууд голдуу хэрэглэдэг байсан бол өнөөдөр хүн бүрий өөрийн нэрийн хуудастай болж, нийгмийн харилцааны салшгүй нэг хэсэг болсон. Харин хэрхэн зөв ашиглаж байгаа билээ. 
Нэрийн хуудас нь ажил хэргийн, хувийн болон гэр бүлийн гэсэн хэлбэртэй. 
Хамгийн гол анхаарах зүйл бол нэрийн хуудсан дээрх бичлэг уншихад хялбар шрифтээр бичигдсэн байх ёстой. Хэт тод биш, хагас бүдүүн үсгээр нэг их том том үсгээр ч биш, дэндүү жижигхэн үсгээр ч биш бичүүлээрэй. Хэтэрхий чамин, гоёмсог үсэг ашиглахгүй байвал сайн. Нэрийн хуудсан дээр өөрийгөө таниулах гол гол зүйлээ бичих ёстой ч дэндүү их зүйл бичих нь бас л онц биш. 
Ямар нэгэн хүрээ, хашлага, хээ хийж чамирхах хэрэггүй. Ялангуяа хар хүрээ бол гашуудал илэрхийлдэг. Сүүлийн үед хэт чамин пластик, ширээр хийсэн байдаг ч энэ нь уламжлалт нэрийн хуудаснаас нэг их илүү биш. Хэвлэлийнхэн, зураач нар л ийм нэрийн хуудас хэрэглэдэг ч илүүрхээд байх зүйл биш. 
Одоо цагт нэрийн хуудсаа янз бүрийн өнгөөр хийдэг ч хамгийн даруухан төв өнгө бол цагаан. Хүн уншихад ч амар байдаг. 

Хувийн нэрийн хуудас

Энд овог нэр, ургийн овог байна. Ихэвчлэн хувийн харилцаа тогтооход өгдөг учраас утас, шуудангийн хаяг, E-mail хаяг байна. Нэг их чухал биш хүнд өгч байгаа, тэгээд ч олон уулзахгүй дээ гэж бодож байгаа бол утасны дугаараа гараар бичиж өгдөг. Энд бас цол, эрдмийн зэргээ нэрийн дор бичнэ. Шаардлагатай гэвэл зүүн буланд өөрийн хамаардаг клуб, нийгэмлэгийг бичдэг бол баруун доод буланд гэрийн хаяг байж болно. Эмэгтэйчүүд бол овог нэрээсээ өөрийг нэг их бичдэггүй. Тэгээд бусад мэдээллээ өгөх шаардлагатай бол дан гараар бичдэг. 


Гэр бүлийн нэрийн хуудас
Гэр бүлийн нэрийн хуудсыг бол гэр бүлээрээ найз нөхөд болох, баяр хүргэх, баяр ёслолоор бэлэг сэлт хүргүүлэхдээ хамт илгээх зорилгоор хийдэг. Зарим оронд эмэгтэйн нэрийг нөхрийнхөө нэрийн өмнө бичдэг. Гэрийн хаягийг тэр бүрий бичдэггүй. Шаардлагатай гэсэн гэр бүлийнхэнд өгөхдөө гараар бичиж өгч болно. 

Ажил хэргийн нэрийн хуудас

Бидний хамгийн их хэрэглэдэг зүйл. Энэ хуудсан дээр таны овог нэр, байгууллага компанийн нэр, таны албан тушаал, шуудангийн хаяг, утасны дугаар, E-mail хаяг байна. Байгууллага, компанийн чинь таних тэмдэг байж болно. Төрийн албан хаагчид бол төрийн далбаа, сүлд, соёмбо байрлуулдаг. 
Нэрийн хамт цол, зэрэг дэвээ бичнэ. Байгууллагын утас бичиж болох ч тэр утсан дээр өөр хүн суудаг  бол хэрэггүй. Харилцагч тань тантай ярих гэтэл өөр хүн аваад байвал эвгүй. 
Худалдааны байгууллага, сүлжээ дэлгүүрийн ажилтнууд, үйлчилгээний салбарт ажиллагсад бол сурталчилгааны хэлбэртэй, компанийн уриа, үйлчилгээний хамрах хүрээ, өөрийн тань гэрэл зураг байж болно. 
 




Нэрийн хуудсыг хэзээ яаж ашигладаг вэ

Нэрийн хуудас нь зөвхөн танилцах, холбоо тогтоох, өөрийгөө тэр хүнд сануулж байхын төдий хэрэглэдэг зүйл биш. Баяр талархал, сайхан сэтгэл, эмгэнэлээ ч илэрхийлэх нэгэн хэлбэр. 
Та нэрийн хуудсаа ил захидал юм уу товчхон зурвасын хамт дугтуйнд хийгээд явуулж болно. 
Зураач, жүжигчин, голдуу урлагийн салбарынханд баяр хүргэхдээ нэрийн хуудсаа баглаа цэцэгтэй илгээж болно. 
Эдгээр тохиолдлуудад нэрийн хуудсан дээр тогтсон бичлэг хийж илгээдэг. Энэ нь олон улсад хэдийнээ хэвшил болсон франц үгийн товчлол л доо. Энэ хэдэн үсгийг нэрийн хуудасны зүүн дээд өнцөгт харандаагаар бичиж илгээнэ. Гэхдээ одоо үүнийг монголчлоод бичиж илгээж яагаад болохгүй гэж. 
•    p.r. (Pour remercier)         Талархал илэрхийлье
•    p.f. (Pour feter)             Баярын мэнд хүргэе
•    p.f.c. (Pour faire connaissance)     Танилцсандаа таатай байна
•    p.f.N.A. (Pour feter Nouvel An)     Шинэ жилийн мэнд хүргэе
•    p.p.c. (Pour prendre congre)     Уулзалгүй явлаа шүү
•    p.c. (Pour condoleance)         Эмгэнэл илэрхийлье
•    p.p. (Pour presenter)         Тоглолтыг чинь тохиолдуулж
Нэрийн хуудас бол яахын аргагүй танилцах холбоо тогтоохын эхлэл. Танилцах хүнтэйгээ уулзахдаа өгч болно, танилцахаа илэрхийлж эчнээгээр  илгээж болно. Уулзсан даруйдаа мэндчилснийхээ дараа л нэрийн хуудсаа өгнө. Нөгөө хүн чинь нэрийн хуудсаа өгвөл нэрийг нь анхааралтай унш. Хайш яайшхан халаасандаа хийчихвэл нөгөө хүнээ хүндэтгэхгүй байгаа хэрэг. Яг тэр үед таны нэрийн хуудас байгаагүй бол дараа нь заавал илгээх хэрэгтэй. Танилцах үед залуу хүн нь ахмад хүндээ, эрэгтэй нь эмэгтэйдээ  эхлээд нэрийн хуудсаа өгдөг. 
Ажил хэргийн уулзалт, ярилцлагын үед бол ярьж байхдаа шинэ танилынхаа нэр, албан тушаалыг буруу хэлэхгүйн тулд өгсөн нэрийн хуудсыг нь өмнөө тавьж болно. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment