Эзнээ аюулаас аварсан морь, хүний газар арилжихад нутаг руугаа гүйдэг адуу гээд сайн хүлгийн тухай олон домог бий. Тэгвэл 1800-гаад оны сүүлчээр Германд амьдарч байсан нэгэн ухаант хүлгийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
Германы нэгэн бага сургуулийн тооны багш Велгельм Фон Остен 1800-гаад оны сүүлчээр хүний уураг тархины хөгжил, толгойн хэмжээ нь зан ааш, сэтгэн бодох чадварт хэрхэн нөлөөлдгийг судалж, туршилт хийдэг байжээ. Тэрбээр хүн төрөлхтний хэт хөгжил, амьтдын сэтгэн бодох чадварыг доройтуулсан гэж үздэг байжээ. Ингээд мань эр амьтдад тоо зааж, ухаантай болгох аргыг эрэл хийлэв. Сониуч багш эхлээд муу рандаа, дараа нь баавгайнд тоо заагаад бүтэлгүйтжээ. Муур түүний хэлснийг ойлгох байтугай тоож ч харахгүй байхад баавгай хэтэрхий догшин учраас хүмүүжүүлнэ гэдэг бүтэшгүй санаа байв. Эцсийн найдвар болох “Ханс” нэртэй араб үүлдрийн мориндоо тоо заасан нь түүнийг гайхашруулж орхижээ. Эхний хэдэн өдөр Фон Остен түүнд тоо цээжлүүлсэн аж. Хэдэн өдрийн дараа тэрбээр самбар дээр хэнэггүй хэн гурвын тоо сараачи хад ухаант хү лэг нь туурайгаараа гурван удаа га зар товшжээ. Улмаар Ханс арвын дотор тоо бодож, үржүүлэхийн хүрдийг цээжээр мэддэг болжээ.
Фон Остен ухаант морио дагуулан Герман даяар аялан гудамжинд тоглолт үзүүлдэг болов. Удалгүй “Нью-Йорк Таймс” сонин дээр түүний тухай нийтлэл гарснаар нэр алдар нь цуурайтжээ. Гудамжны тоглолтын үеэр эзэн нь Хансаас “Шоо хэдэн талтай вэ” хэмээн асуухад тэрбээр зургаан удаа газар товшив, “Сарын эхний өдөр лхагва гариг бол дараа ийн даваа гариг хэдэн байх вэ” гэхэд мөн л зөв хариулж зургаан удаа газар товшжээ. Фон Остен түүнээс “Хэдийг дөрвөөр үржүүлэхэд 16 гарах вэ” хэмээн асуухад туурайгаараа дөрвөн удаа товшиж олныг гайхашруулсан байна. Ханс тооны ухаанаас гадна үсэг мэддэг болжээ. Тэрбээр үсгийг цагаан толгойн дарааллын дагуу цээжлэв. Эзэн нь “С” гэхэд Ханс гурван удаа газар товшдог бол “D” хэмээхэд дөрвөнтөө товшино. Мөн хуанли дээр сар, өдрийг зааж чаддаг байжээ. Мэдээж бүгдийг зөв хийнэ гэж байхгүй ч тэрбээр нийт асуултын 89 хувьд нь оновчтой хариулж байсан гэнэ. Сайныг үргэлж атаа жөтөө дагадаг бичигдээгүй хуулийн дагуу Хансыг ухаантай биш, зальтай эзнийхээ тусламжтайгаар ард иргэдийг хуурч байна гэх хүмүүс ч байв. Гэхдээ ингэлээ гээд түүний нэр хүнд унасангүй.
1904 онд Германы Боловсролын яамнаас “Хансын хороо” байгуулж ухаант хүлгийг судлах эрх олгохыг эзнээс нь хүсэв. “Хансын хороо”-нд хоёр малзүйч, нэг сэтгэл судлаач болон морь сургагч, циркийн ажилтан, хэд хэдэн багш ажиллаж байжээ. Тэд Хансыг заль хэрэглэдэггүйг тогтоосон бөгөөд, байгалийн гоц авьяастан гэж дүгнэв. Багш нар түүнийг 14 настай онц сурлагатантай зүйрлэсэн юм. Харин сэтгэл судлаач Оскар Пфунгстын дүгнэлтээр Ханс сэтгэл санаа тайван үедээ хурдан сэтгэдэг бөгөөд эзнийхээ асуултад оновчтой хариулах нь элбэг гэнэ. Оскар Пфунгст түүнийг улам сайн судлахын тулд малын саравчинд хамт амьдарч эхэлжээ. Удалгүй тэрбээр нэгэн сонирхолтой зүйл ажигласан нь Хансаас асуулт асуусан хүн хариултаа өөрөө ч мэдэхгүй тохиолдолд тэр ч бас буруу хариулдаг нь тогтоогджээ. Ингэснээр Ханс хүний бодлыг уншиж чаддаг гэж О.Пфунгст үзжээ. Ханс алдаж хариулахаараа түүнийгээ мэдэрч, уцаарладаг байжээ. Тэгэхээр Ханс адгуус амьтдын нарийн мэдрэмжээр хүнийг мэдэрдэг байсан нь тогтоогдов.
Хансын ачаар О.Пфунгст амьтдын сэтгэл судлалын тухай шинэ нээлт хийж түүнийгээ “Ухаант Хансын үзэгдэл” гэж нэрлэсэн. Үүнийг нь цэрэг, цагдаагийнхан нохдыг сургах ажилдаа ашигладаг болсон юм. 1907 онд түүний эзэн Фон Остен нас эцэслэж, Ханс хэд хэдэн эзний гар дамжсаар, дайны үед фронтод тэрэгний морь болсон тухай эх сурвалжууд дурддаг ч ухаант хүлэг хэзээ, хаана, яаж амьсгаа хураасан нь одоо болтол тодорхойгүй байдаг.
0 Сэтгэгдэл:
Post a Comment