Цахим сэтгүүл зүй монголын уншигчдыг дуудаж байна

Posted on 10:26 PM by
XXI зуун бол мэдээлэл технологийн эрин зуун. Худалдаа арилжаа эрхлэхээс эхлээд дээд боловсролыг ч хүртэл интернэтээр эзэмших боломжтой бол сон. Технологийн хөгжил бизнесийн бүхий л салбарт нэвтэрч, өөрчлөлт дагуулсан нь хэвлэл мэдээллийн салбарт бас хамаатай.
Уламжлалт сэтгүүл зүй буюу бидний уншиж заншсан сонин, сэтгүүл, үзэж дадсан цэнхэр дэлгэц зэрэг нь тодорхой түвшинд хэн нэгний эрх ашгийг хамгаалж, улмаар үнэн бодит байдлыг гуйвуулахад хүрдэг гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Харин технологийн дэвшил нь уламжлалт сэтгүүл зүйд дутагдаж байсан нээлттэй байдлыг нөхөх боломжийг нээсэн юм. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сэтгүүлч бус энгийн иргэд ч мэдээ бэлтгэх, өөрсдийн үзэл бодлоо цахим хуудсаар чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон. Цахим хуудсанд орсон мэдээлэл хэдэн зуу дахин олон хүнд хүрэхээс гадна зохиогчийн үзэл бодлыг ямар нэгэн засваргүйгээр уншигчдад хүргэдгээрээ давуу талтай. Тиймээс ч олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэний сэтгүүлзүйгээс суралцаж, шинэ эрин зуунтай хөл нийлүүлэн алхахын тулд иргэдэд мэдээлэл хүргэх аргаа өөрчилж байгаа билээ. Тухайлбал CNN, BBC зэрэг мэдээллийн агентлагууд энгийн иргэдийн нийлүүлсэн мэдээг цацдаг тогтмол цагтай болж, сонин сэтгүүлүүд цахим хувилбартаа санаа илүү тавьдаг болжээ. Энэ нь сэтгүүлч уншигчдын харилцааг улам сайжруулж, тэдний хоорондын уялдаа холбоог бататгадаг аж.
Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад Монголын техник технологи хоцрогдмол тул сэтгүүлч-уншигчийн уялдаа холбоо одоогоор хязгаарлагдмал, иргэний сэтгүүлзүй сайн хөгжөөгүй байна. Монголын сэтгүүл зүйн технологийн дэвшил хэвлэл мэдээллийнхний цахим хувилбаруудаас хэтрэхгүй байгаа гэвэл хилсдэхгүй л болов уу. Гэхдээ монголчууд технологийн дэвшлээс бүрмөсөн хоцрогдчихсон уу гэвэл үгүй. Ойрын үед монголчуудын дунд, тэр тус маа залуусын дотор “сошиал нэтворкинг” буюу Facebook, Tweeter гэсэн цахим хуудсууд хүчээ авч эхлээд байна.
“Сошиал нэтворкинг” гэдэг нь хүмүүст өөрсдийн үзэл бодол, амьдралын замналаа бусад тай хуваалцах эрх чөлөөг бүрэн олгодог онцлогтой цахим орон зай юм. “Сошиал нэтворкинг” дэлгэрээд удаж буй улс орнуудад тохиолдсон үйл явдлаас энэ төрлийн цахим харилцаа хэр нөлөөтэй болохыг харж болно. Зөвхөн Их Британид л гэхэд 10 сая Tweeter хэрэглэгч байдаг гээд бодоход “сошиал нэтворкинг” ямар олон гишүүнтэй болох нь илт харагдах биз ээ. Орчин цагт дуучин, жүжигчин болох хүсэлтэй хүмүүс урлагийн сургуульд элсэхийн оронд “сошиал нэтворкинг”-ийн ачаар олны танил болдог болжээ.
Жишээлбэл 2011 онд л гэхэд 112 сая ам.долларын орлоготой байсан дуучин Жастин Бибэр өөрийн дуулж буй бичлэгээ Youtube.com цахим хуудсаар цацаж, од болох гараагаа эхэлсэн билээ.
“Сошиал нэтворкинг”-ийн гайхамшгийг харуулсан өөр нэгэн үйл явдал Азийн хам гийн жижиг улс болох Сингапурт тохиолдсон байна. Сингапур улсдаа блогингийн загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгдсөн ноён Браун өнгөрөгч сарын 1-ний өдөр есөн настай, төрөлхийн хэл ярианы согогтой охиноо метрод алдсан аж. Тэрбээр олон нийтэд энэ тухайгаа өөрийн Tweeter-ээр зарласны ачаар цагийн дотор охиноо олжээ.
Дээр дурдсан жишээнүүд “сошиал нэтворкинг” болон иргэний сэтгүүл зүйн хөгжил, хамрах хүрээ дэлхий дахинд хэр хүчтэй байгааг харуулах болов уу. Монголын уламжлалт сэтгүүл зүйд өөрчлөгдөн хувьсаж, цахим ертөнцийн олгож буй давуу талуудыг өөртөө ашигтайгаар тусгах бололцоо бий. Уламжлалт сэтгүүл зүй цахим ертөнцөөр дамжуулан жирийн иргэдтэй нягт хэлхээ холбоо тогтоох, тэдний бүтээлийг хүлээн авч, нийтэлж нэвтрүүлэх нь олон арван давуу талыг авчирна. Сэтгүүл зүйн эл хоёр урсгал хамтарснаар орон зайг үл хамааран, цаг хугацаа алдалгүй мэдээлэл дамжуулах боломж бүрддэг байна. Тиймээс уг давуу талыг анзаарсан гаднын томоохон мэдээллийн агентлагууд гэнэтийн үйл явдлын үеэр сэтгүүлчээ явуулахын оронд иргэдийн нийлүүлсэн материалыг ашигладаг болоод удаж байна.
Өнгөрсөн онд Япон улсад болсон газар хөдлөлт иргэний сэтгүүл зүй болон уламжлалт сэтгүүл зүйн хамтын ажиллагаа хэр хөгжсөнийг харуулсан. Дэлхийн өнцөг булан бүрийн хэвлэл мэдээллийнхэн иргэдийн гар утсаар хийсэн дүрс бичлэгийг цацаж, нутгийн иргэдтэй газар дээрээс нь цахим хуудсаар холбогдон үзэгчдэдээ дамжуулсан.
Өөрөөр хэлбэл иргэний сэтгүүл зүй, уламжлалт сэтгүүл зүй хоёр өрсөлдөх биш, бие биеийнхээ хөгжлийн хөшүүрэг нь болж хамтран ажилласнаар цогц мэдээллийг хүргэж чаддаг байна. Монголын сонин, сэтгүүл, телевиз, радио дээрх жишгээр уншигчидтайгаа илүү ойр дотно ажиллаж, мэдээллийг улам хурдан шуурхай хүргэж, иргэний сэтгүүл зүйн адил нээлттэй бай хын тулд энэхүү дэвшилт технологийг эзэмших зайлшгүй шаардлагатай.
Хүмүүсийн харилцааны соёл, мэдээлэл солилцох арга барил шинэчлэгдэж байгаа өнөө цагт Монголын сэтгүүл зүй тэр жишигт нийцэн, даган хувьсах цаг нь ирсэн болов уу.

0 Сэтгэгдэл:

Post a Comment